ЕВРЕЙЖҮҮЛЭХ ГЭЖ ЮУГ ЯРИАД БАЙНА?!

ХРИСТЭД ИТГЭГЧ МОНГОЛЧУУД ШАББАТ ӨДРИЙГ САХИХ ЁСТОЙ ЮУ? нийтлэлийн дагуу зарим итгэгчдэд зарим нэг үг хэллэгийг тодорхой болгох.

ХРИСТЭД ИТГЭГЧ МОНГОЛЧУУД ШАББАТ ӨДРИЙГ САХИХ ЁСТОЙ ЮУ? нийтлэлийн дагуу зарим итгэгчдэд зарим нэг үг хэллэгийг тодорхой болгох үүднээс тайлбар хийлээ. 

Юуны өмнө асуулт асууна гэдэг бол суралцах чихтэй байна гэсэн үг. Хүн бүр бүгдийг мэддэггүй болохоор асууж лавлаж, буруу зөвөө мэдэлцэж явах нь насанд хүрсэн хүн бүрийн хариуцлагатай үйлдэл мөн.

Асуултад Матай 5:17-20 болон Лук 16:16-17-д Есүс юуны талаар ярьсан, Шаббат тэр хуулин дотор багтаж байхад итгэгчид бид Есүс хүртэл алийг нь ч үгүйсгэхгүй гээд хэлчихсэн хуулийг дагахгүй байх нь зөв үү гэсэн асуулт асуусан юм. Асуултын засвар “еврейжүүлэх” гэдэг үгээ тодорхой болгоно уу гэж хүссэн билээ. 

Есүс Матай 5:17-20 болон Лук 16:16-17-д хэд хэдэн зүйлийг тунхаглаж байна. Үүнийг эхэлж тайлбарлаад, Мосегийн хууль, еврейжүүлэх гэдэг ойлголтыг задалж тайлбарлъя. 

1. Хууль буюу Хуучин Гэрээний эхний 5 ном болох Тора болон эш үзүүлэгч буюу Хуучин Гэрээний бусад номуудын бүх эш үзүүллэг, хуулийн тушаал Есүсээр биеллээ олж байгааг тунхаглаж байгаа юм. Өөрөөр хэлбэл Есүстэй холбоотой бүх үг, хуулийн шаардлага бүхнийг, өргөлийн систем, зөвт амьдралын бүхий л тушаал нь Есүсээр биелсэн гэдгийг хэлэхдээ биелээгүй өчүүхэн хэсэг ч үлдэхгүй гэж хэлж байгаа юм.

2. Хууль гэдэгт Шаббат багтаж байгаа нь үнэн. Гэхдээ энэ нь юуны хууль билээ гэсэн асуулт төрнө. Энэ бол Мосегийн хууль буюу Мосегийн гэрээ юм. Мосегийн гэрээний дагуу Бурхан Синай уулан дээр ёс зүйн, иргэний, ёслолын хууль өгсөн юм. Ёс зүйн хууль нь 10 тушаал, иргэний гэдэгт нөгөөх олон 613 хууль, мөн ёслолын гэдэгт майхан буюу асрын сүмтэй холбоотой тахил ба тахилчийн системийн талаарх хуулиуд багтдаг.

3. Шинэ Гэрээний итгэгчдийн хувьд Галат 2:14-ыг мартаж болохгүй, “Харин би сайнмэдээний үнэнээр цэх шулуун явахгүй байгаа тэднийг хараад, бүгдийн өмнө Кефт “Чи иудей байж, иудей шиг биш, харин харьтан шиг амьдардаг атлаа яагаад харийнхныг иудейн маягаар амьдар гэж албадна вэ?” гэж хэлсэн” Паул, Петрийг олны өмнө “еврей бус хүмүүсийг еврейжүүлэх хэрэггүй” гэдгийг хэлж түүнийг зэмлэсэн байдаг. Еврейжүүлэх гэдэг нь миний хувилбар хэллэг. Үүнийг англиар Judaizers гэдэг. Иудайзэрууд буюу еврейжүүлэгчид нь бусад Есүст итгэгчдийг Мосегийн хууль дор оруулахыг шаарддаг хүмүүс юм.

4. Мосегийн хуулийг дагах ёстой гэдэг үгнээс болоод Үйлс 15-д бичигдсэн Иерусалимын хурал болсон юм. Үйлс 15:1-ээс эхлээд уншаарай. Тэд юуны талаар цуглан ярилцав. Энэ бол чуулганы түүхэнд болсон анхны зөвлөлийн хурал юм. Чуулганы зөвлөл гэдэг бол алив сургаалын гажгийг засаж, хэлэлцэж, шийдвэр гаргаж түүнийгээ бүх чуулганд зарлан мөрдүүлэх эрх мэдэлтэй хурал юм. Тэд юу гэсэн гээч? Үйлс 15:10-11, “Эцгүүдийн маань болон бидний үүрч чадаагүй буулгыг та нар дагалдагчдын хүзүүнд тохож, Бурханыг юунд сорино вэ? Харин бид Эзэн Есүсийн нигүүлслээр аврагдсандаа итгэдэг бөгөөд тэд ч өөрцгүй билээ гэв.” Өнөөх Мосегийн хуулийг еврейчүүд өөрсдөө ч бүрэн биелүүлж чадаагүй байж еврей бус хүмүүст мөрдүүлэх нь утгагүй юм гэж дүгнэжээ. Еврей элч нар еврей бус итгэгчдээс шаардсан 4 зүйл дотор Шаббат багтаагүй нь ийм учиртай.

5. Израилчууд Шаббатыг сахилгүй, мөн 6 жил тутамд 1 жил газрыг амраалгүй байсны үр дүнд 70 жил Вавилонд цөлөгдсөн юм. Бурхан Шаббатыг үнэхээр Израилчуудаас хуулийн дагуу шаардах эрхтэй боловч еврей бус хүмүүст тийм буулга өгөөгүй юм. Мосегийн хуулийн дагуу газар ч, хүн ч амрах ёстой. Энэ хуулийг зөвхөн Израилчуудад л өгчээ. Харь үндэстэн энэ хуулинд дагаар ороод дагаж болох ч Есүс Матай 5:17-20 болон Лук 16:16-17-д хэлсэнчлэн өөрөөрөө энэ бүх хууль ба эш үзүүллэгийг бүр өчүүхэн бага хэсгийг ч орхилгүй биелүүлсэн юм.

6. Тиймд, Шинэ Гэрээний дор байгаа буюу Есүст итгэсэн хүмүүсийн хувьд Мосегийн хуулийн дор хэзээ ч ороогүй шигээ орох ч хэрэггүй талаар Галат ном тайлбарласан байдаг. Хуулийн дор байгаа хүмүүс бурханлаг амьдарч чадаж байсан бол хуулиас дээгүүрх нигүүлслийн дор амьдарч байгаа хүмүүс тэднээс илүү бурханлаг амьдрах боломжтой. Учир нь Ариун Сүнс, Бурхан, Есүст итгэгчдийн дотор оршин суусан юм. Тиймд хуулийн боолчлолоос чөлөөлсөн, Христийн нигүүлслийг үл хэрэгсэн, өөрсдөө сайн дураар еврейжихгүй байхыг Галат ном хэлсэн байдаг. 

7. Еврейжих гэдэг нь Есүст итгэж Шинэ Гэрээний дагуу эрх чөлөөтэй болсон хирнээ Мосегийн хуулийн дор өөрийгөө боолчлуулах болон бусдыг энэ хуулийн дор оруулах алив сургаалыг багтаан ойлгож болно. Бид Монголчууд. Бурхан үндэстэн бүрийг онцлогтой бүтээсэн. Монгол итгэгч хүн еврейн хуулийг дагах ямар ч шаардлага байхгүй. Харин Монгол итгэгчид бид еврейчүүдэд хандсан Бурхан эш үзүүллэг биелээсэй, тэдэнд сайн сайхныг хүсэн ерөөн залбирч, Израилийн төлөө ямар ч үед Бурханы зүрх сэтгэлээр зогсож болно. Израилийн туг далбааг өргөх, Давидын одтой эд хэрэглэл хэрэглэх, 7 болон 9 суурьтай менора хэрэглэх, Израилиар дуу дуулах, үг хэлэх, Израилийг дэмжиж алив сайн сайханд нь баярлах нь еврейжих үзэл биш ээ. Еврейжих гэдэгт зөвхөн Мосегийн хуулийн дор оруулах сургаал багтана.

Израильд хайртай байгаарай, гэхдээ Мосегийн хуулийн дор бүү ороорой. Израилийн төлөө залбирч, тэднийг бүхий л талаар ерөөгөөрэй. Гэхдээ Мосегийн хуулийн дор бүү ороорой. Мосегийн хуулийн дор орох л юм бол еврейжих буюу жудайзер сургаалд автаж Галатынханы алдааг давтах аюултай байдалд орноо. 

Үгийн толинд дүрсээ харсан бол засах эсэхээ тэр хүн мэдэг. Үгийн толь ямар ч байсан ингэж л харуулж байна. Миний бие бол тэрхүү Үгийн толинд харагдсан дүрсийг өгүүлэх төдий өгүүлэгч билээ. Гэхдээ итгэмжтэйгээр өгүүлэхийг хүснэм.

Ж.Бадамдорж
www.maranata.mn