Шинэчилсэн огноо: 2011.12.06.
 Яг одоо 5 зочин байна

Монголд Христийн хэдэн урсгал байдаг вэ?

Шашны олон урсгал үндэсний аюулгүй байдалд аюултай учир, ялангуяа Христийнхэнийг ямар нэг хэлбэрээр цөөлж, шарын шашныг төрийн шашин болгох үзэл мэр сэр гадуур явж байгааг нуух юун. Тэгвэл Христийнхэн гэж хэн бэ? Монголд Христийн хэдэн урсгал байдаг талаар та мэдэх үү? Тэд үнэхээр үндэсний аюулгүй байдалд хор хөнөөл учруулах уу? 

Юуны өмнө Христийнхэн гэж хэн болох талаар бэсрэг түүх хүүрнэе. Товчхондоо хэлбэл, Христийнхэн гэдэг бол Есүс Христ гэдэг Бурханд итгэдэг, Библи хэмээх Ариун Судартай, орчлон бий болсон цагаас Еврейчүүдийг анхлан сонгон авч өөрийн ард түмэн болгоод хожим Есүс Христээс хойш бүх үндэстнийг өөрийн ард түмэн болгосон цорын ганц амьд, тэнгэрт оршигч Бурханд итгэдэг эгэл жирийн хүмүүс юм. Тэд баримттай үнэнд итгэдгээрээ мухар сүсгээс асар их ялгаатай, оюунлаг, ёс суртахуунтай, нийгэмдээ төлөвшсөн иргэн хүний бодит сайн жишээ болдог давхрага юм. 

Монголд Христийн сургаал тэртээ 11-р зуунаас эхлэн нэвтэрч байсэн тухай Хью Кэмпийн "Түүхийн балархай жимээр" ном тун ч дэлгэрэнгүй өгүүлдэг. Харин ардчилсан хувьсгалтай зэрэгцэн хүмүүний шашин шүтэх эрх нээлттэй болсноор шарын шашин, бөө мөргөл, ислам, Христитгэл зэрэг дэлхийн томоохон итгэл бишрэл сэргэсэн билээ. Тэр ч бүү хэл бусад улсуудад хориотой нууц шүтлэг болох харе хришна, Христийн нэр барьсан гаж сургаалтан гэгддэг Мормонизм, Мүүнизм, Яахувагийн гэрч нар, Төв Баптист гэх мэт шашны сургаал манайд түгсэн билээ. 

Христийн шашин дэлхийн хүн амын 33%-ийг эзэлдэг. Энэ шашин дотроо Ромын Католик, Үнэн Алдартан, Протестант (Эвангелийнх) гэж үндсэн гурван хэсэгт хуваагддаг. Энэ хуваагдал нь ном сургаалын онолын ялгаанаас цаашгүй бөгөөд гэм хоргүй. Гэвч шашны нэр барьж улс төрийн шалтгаанаар дайн хийж явсан түүх Христийнхэний дотор байсныг түүх гэрчилнэ. Үүнд "Загалмайтны аян дайн"-ыг нэрлэж болно. Загалмайтны аян дайн нь үнэндээ Европыг Исламын түрэмгийллээс хамгаалах зорилгоор эхэлсэн боловч хожим нь анхны зорилгоосоо хазайн түүхнээ хар мөр үлдээсэн юм. Энэ бол Европт өрнөсөн Христийнхэний түүх. Харин Христитгэл Ази, Америк, Африкт ямар нэг дайн байлдаанд турхирсан явдал үгүй бөгөөд харин ч итгэл бишрэлээсээ болоод үндэснийхээ олонхид хавчигдсан түүх нилээн бий. Тухайлбал, Хятадад Христэд итгэгчдийн тоо 100 сая хол давсан гэдэг. Тэнд үе үе Христийнхэнийг хавчих явдал гардаг. Индонез бол Исламын шашинтныхаа тоогоор Энэтхэгийн дараа 2-рт ордог. Индонезийн хүн амын 15% нь Христэд итгэдэг боловч олонх болсон Исламын хавчлага, хадлагад байнга өртдөг. Өмнөд Солонгосын хүн амын 35% нь Христэд итгэгчид. Тэнд мөн тооны Буддистууд байдаг. Тэглээ гээд тэдний дунд ямар нэг дайсагнал үгүй. Сингапур бол шашны хүлцлээр Азийн хамгийн сайн жишээ болсон улс. Нийт хүн амын мөн л 15% нь Христэд итгэгчид. Мөн тооны мусалман, Хиндү, Буддистууд энэ улсад зэрэгцэн оршдог. Тэглээ гээд Сингапурт шашны ямар нэг дайсагнал үгүй. Аль нэг шашныг бусдаас дээр эсвэл доор гэж үздэггүй. Шашны хүлцэл гэдэг ойлголт дээд зэргээр хэрэгждэг. 

Монголд Христийн дараах урсгалууд Эвангелийн чиглэл дотроо хуваагддаг. Эвангелийн гэдэг нь мөнөөх Ромын Католик, Үнэн Алдартан гэдгийн адил Христийн шашны гуравдах үндсэн чиглэл. Эдгээр урсгалууд нь ямар учраас өөр өөр нэртэй болсон түүх ч бас сонин. Гэхдээ тэдгээр онол сургаалын онцлогоос хэтрэхгүй, нийгэмдээ болон итгэл бишрэлийнхээ хүрээнд гэм хоргүй юм.

  • Пресбейтеран (Presbyterian)
  • Баптист (Baptist)
  • Лютеран (Lutheran)
  • Бурханы чуулган (Assembly of God)
  • Методист (Methodist)
  • Пентехөөст (Charismatic, Pentecost)
  • Адвентист
  • Эвангелийнх гэх мэт. 

Пресбейтеран урсгал нь чуулганыг "ахлагчдын баг"-аар авч явах ёстой гэсэн үндсэн номлолтойгоос гадна Калвин хэмээх теологийн эрдэмтэний онол сургаалд тулгуурладаг. Монголд Солонгосоос ирсэн илгээлтийн эзэд голдуу ийм чуулганыг ийм сургаалыг заадаг. 

Баптист нь хүн Есүст итгэн усан баптисм хүртэхдээ "усанд бүрэн биеэрээ булхах" ёстой гэж итгэдэг урсгал юм. 

Лютеран нь Мартин Лютер хэмээх номлогчийн онол сургаал дээр тулгуурласан урсгал юм. 

Бурханы чуулган нь Пентехоост чиглэлтэй адил Ариун Сүнсний бэлэг авъяас бүрэн утгаараа өнөөдөр ч байдгийг онцолсон урсгал юм. 

Медотист нь өөрийнхөө урсгалыг үндэслэгчийн метод - арга замыг дагадаг учраас ийнхүү хоч маягаар нэр авчээ. Ариун байдлыг ихэд онцолдог бөгөөд зарим газар Методистууд либерал сургаалыг хэт дагаснаас болоод Библийн сургаалд байхгүй зүйлсийг үйлддэг гэж зэмлэл авдаг. 

Пентехостүүд нь Ариун Сүнсний бэлэг, харь хэлээр залбирах, Ефес 4-р бүлэгт өгүүлсэн үйлчлэлийн 5 бэлэгт итгэдэг чиглэл юм. 

Адвентистуудын тал дээр харин хоёр өөр үзэл байдаг. Нэг хэсэг нь тэднийг зүгээр хүмүүс гэж байхад нөгөө хэсэг нь тэднийг буруу сургаалтан гэж хэлдэг. Тэдний гол онцлог нь хагас сайн буюу Шаббат өдрийг ариунаар сахь гэсэн 10 тушаалыг чанд мөртдөгт байдаг.

Эвангелийнх бол ердөө л ямар нэг теологийн онолд баригдахгүй Библид хэлсэнийг дагана гэж итгэгсэд юм. 

Ингээд бодоход Монголд гарын 10 хуруунд багтахаар цөөхөн Эвангелийн урсгал байдаг. Мэдээж том гурван хэсэг болох Ромын Католик, Үнэн Алдартан Монголд бий. Ватикантай дипломат харилцаатай болохоор тэр шугамаар Ромын Католикууд манайд бий. Орос иргэд Монголд нилээдгүй байдаг болохоор тэдний дунд Үнэн Алдартан бий. Дээрх гурван хэсэг нь теологийн өвөрмөц тайлбар, онол гаргалгаатай боловч аль нь ч буруу сургаалтан биш юм. 

Гэхдээ Христийн нэр барьсан бүхэн жинхэнэ Христийнх биш гэдгийг ялгах хэрэгтэй. Тухайлбал, Мормон буюу Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн сүм байна. Хоёр хоёроороо үүргэвч үүрсэн, энгэртээ нэрийн хар хуудастай залуусыг та харсан байх. Тэд бол Христийн сургаалыг гажуудуулагч урсгалынхан юм. Тэдний гол онцлог нь өөрсдийгөө хэзээ нэгэн цагт бурхан болж өөрийн диваажиндаа олон олон хүүхэдтэй болно гэж заадаг. Тэд олон эхнэртэй байх сургаалд итгэдэг. Тэднийг ёс суртахууны тал дээр өөлөх юм бараг байдаггүй ч далд ёслолоор Мормоны сүмээс хэзээ ч салахгүй гэсэн цусан тангараг өргүүдэг. Энэ тангарагийг зөрчвөөс үхдэг (заримдаа тэд алдаг). Энэ талаар "бурхан бүтээгчид" (God makers) гэдэг баримтат кино байдаг. Тэдний сүмийн барилга нь хэдэн жилийн өмнө Дарханд "оны шилдэг барилга"-аар тодорч байсан гэдэг. Тэд хотын аль л өнгөтэй сайхан газрыг мөнгөөр зодож авч байна. Таван шар, Хайлааст, Чингэс зочид буудлын урд, Хуучнаар Элдэв-Очир хүүхдийн кино театр гээд нэрлээд байвал бишгүй их. Тэдний салбар Монгол даяар бий.

Мүүнизм Монголд нилээдгүй газар аваад байгаа. Хуримын ордон тэдний мэдэлд бараг орчихсон гэж нэгэн хүн хэлж байсныг санаж байна. Энхтайвны дэлхийн холбоо, Энх орчлон сургууль гээд тэдэнтэй холбоотой нилээн олон Төрийн бус байгууллага бий. Энхтайван найрамдлын ордны өмнө автобусны ард сүндэрлэж байгаа байшин бол Мүүнийх гэж сонссон юм байна. Мүүнизмыг үндэслэгч солонгос хүнийг тэд амьд Есүс гэж үздэг бөгөөд тэрхүү амьд Есүсийн хойд дүр солонгос эрийн ивээл дор гэр бүл бологсод насан туршдаа сайхан амьдарна гэж үздэг. Тэр ч бүү хэл хэзээ ч бие биеэ хараагүй, мэдэхгүй хүмүүсийг зөвхөн зургийг нь харж байгаад тэд гэрлүүлчихдэг. Мүүнизмын шугамаар олон зуун залуус гэрлэж гал голомтоо тийм үзлээр бадраасан нь нууц биш. Монгол гэр бүлийг сулруулах ийм л юмыг тэд хийж байна.

Гаж урсгал нь нийгэмд айдас, төөрөгдөл, буруу ойлголтыг өгдөг учраас л тэднийг "гаж" буюу "эрүүл ухаан"-ы эсрэг гэж үздэг.

Үндэстэн оюун санааны нэгдмэл байдлаа олон төрлийн шашны сургаалын дунд хэрхэн хадгалж авч явах вэ гэдэг том асуулт хүн бүрт төрдөг. Чингэс хааны байгуулсан Их Монгол улс шашны хүлцэл хамгийн өндөр төвшинд байж чадсан билээ. Тийм ч учраас ард иргэд нь өөр өөрсдийн шүтлэгээ дагаж, хорвоог тэр л нүдээр харж байсан юм. Гэлээ гээд тэд Их Монгол улсыг бутраагаагүй билээ. Харин нэг шашнаар л нэгдмэл байдлаа хадгална гэж үзэж байсан үед л Монгол улс сул дорой болсон юм. Угаасаа хүн бүр л ертөнцийг нэг өнгөөр хардаггүй шүү дээ. Ингэх ч боломжгүй. Бүгдийг нь шарын шашинтай, эсвэл христийн шашинтай болгох ямар ч боломжгүй. Ингэвэл хүний шүтэх эс шүтэх эрхэнд халдсан хэрэг болно. 

Тиймд хүн бүр ямар ч шашинтай байсан "эх оронч" үзэлтэй байх ёстой. Эх болсон Монгол хэл, соёл түүхээ дээдэлдэг байх ёстой. Газар нутгийнхаа болон оюуны халдашгүй дархан байдлаа хадгалж үр хүүхдэдээ өвлүүлж, Монголынх гэж хэлж болох бүхнийг хадгалж, хөгжүүлж явах учиртай. Үүнийг л эх оронч үзэл гэнэ. Аливаа шашныг бусдаас илүүд үзэж бусдыг нь дагавар болгох ёсгүй. Хүн амын цөөнхийг шүтдэг шашны үзэл бодлоор нь олонх нь ялгаварлаж болохгүй. Энэ бүхэн манай улсын Үндсэн хуулийн эхний заалтад бүгд багтсан. Шашныг халхавч болгон улс төрийн ямар ч суртал ухуулга хийж болохгүй. Шашнууд хоорондоо бие биеэ муулж, эсвэл бусдад ил далдаар хар пи-ар хийж болохгүй. Шашны хүлцэл дээд зэрэг төвшинд байсан цагт хүн бүр бие биеэ хүндэтгэн харьцах учиртай. Тэгсэн цагт үндэстэн шашны фанатуудаас болоод хагарах, сулрах, дайсагнах боломжгүй болно. 

Монголд Христэд итгэдэг цөөхөн хүн бий. Тэд сүүлийн 20 жилд хэн гэдгээ бусдад харуулсан. Тэдний хэн нь ч улс орноосоо урвах, үндэстнээ дарах бодолгүй цайлган сэтгэлээр амьдарч явна. Христийнхэн Монголоо хөгжүүлэхийн төлөө өөр өөрсдийн сурч мэдсэн боловсрол, мэргэжлээрээ ажиллаж, үйлчилж явна. Тэд сэтгэлийн сайхныг эрэн, хүний сайныг харуулж явна. Христэд итгэгч хүн төгс биш ч, амьдралд хайртай, идэвхтэй, амьдралыг сайн сайхан болгохын төлөө энэ амьдралаа зориулж явна. Христэд итгэгч Монголчууд бүгд эх орондоо хайртай! 

Ж. Бадамдорж

Мараната Twitter

bmongol: Архигүй Монгол гэр бүлийг цоглоохын тулд "Өнөөдөр л би архи уухгүй юм шүү!" гэж сэтгэлдээ өдөр бүр хэлээрэй!
bmongol: RT @erdenebatts: Хүн бусдад болохоор хязгааргүй итгэчихдэг мөртөө өөртөө болохоор итгэж чаддаггүй Хүний хамгийн тэнэг зангийн нэг нь энэ дээ
bmongol: RT @erdenebatts: Чамайг хэн нэгэн туслаж САЙН ХҮН, БАЯН ХҮН, УХААНТАЙ ХҮН болгодоггүй Зөвхөн чинй хичээл зүтгэл хязгааргүй хүсэл тэмүүлэл тийм хүн болгодог

Шинэ гэрээ

                                                                              

 

Статистик


Өнөөдөр:1875
Өчигдөр:3094
Энэ сард:14997
Нийт хандалт:1925989
Хэзээнээс:2009-10-05

Мараната христитгэлт интернэт сэтгүүлийн аливаа материалыг бичгэн зөвшөөрөлгүйгээр дахин хэвлэн нийтлэхийг хориглоно.
МАРАНАТА ПАБЛИШН ХХК
Харилцах утас: 9915-0421
Имэйл:
maranatamagazine@gmail.com
Зар мэдээ, зар сурталчилгааны тариф
МАРАНАТА © 2003-2011