НИЙТЛЭЛҮҮД
Монгол хүн нутагтаа эзэн нь байх эрхтэй бус уу ...
Хятад иргэд Монголчуудыг зодлоо, охидыг нь хүчээр биеийг нь үнэлүүлж байна, саяхан цагдааг нь хүртэл зодлоо, газар нутгийнх нь баялгийг шунан ухаж байгаль орчин, малын бэлчээр, уух усгүй болгож байна гэх мэт мэдээ баримт чих дэлсэн сэтгэлийг минь хямраав. Энэ тал дээр итгэгч хүн яаж хандах ёстой вэ гэж хүртэл бодлоо!
1. Би Монгол хүнийхээ хувьд тэнгэрээс таалсан энэ л эрх чөлөөт улсдаа эзэн нь байх эрхтэй. Ямар ч мөнгөтэй, шүтлэгтэй, нөлөөтэй хувь хүн болоод байгууллага, тэр ч бүү хэл бусад гүрэн Монгол улсын тусгаар тогтнол, түүний иргэдийн эрхийг хүндэтгэх хэрэгтэй. Хойноос ирээд хот минийх, гар бариад бугуй барих гэх мэт "гадны хүн Монгол нутагт эзэн суух вий" гэж сэрэмжлүүлсэн зүйр үг Монголчууд бидэнд бий. Тиймд, Монгол хүн л юм бол гадны хүн хойморт биш, байх ёстой газраа суухыг бид мэдтүгэй! Гадны хүнийг дээш залсан Монгол нь барлагын амьдралд өөрийгөө болон улс орноо даатгасан буруу сэтгэлтэн бус уу?
2. Би Монгол хүнийхээ хувьд хуулиа дээдэлж, хүчирхийллээр бус, хараал, доромжлолоор бус хуулийн байгууллага нь хуульд заасан хэм хэмжээгээрээ хэнийг ч бай шийдэх, шийтгэх эрхээ эдлэхэд нь иргэн хүн би хөндөлсөн зогсохгүй ээ. Харин тэдгээр эрх мэдлийн суудалд суугаа Монгол хүн та өөриймсөг сэтгэлээр эх нутгаа засан товхинуулж, хувийн шуналдаа үл автан, ядуусын зовлонг нэмэхгүй байхад Тэнгэрт би залбиръя.
3. Би Монгол хүнийхээ хувьд Монгол хүнийг дорд үзсэн итгэлтэй болон итгэлгүй аливаа хүнийг шударга Бурханы өмнө "Тэнгэр цээрлэг" гэж Түүнээс шударга ёсыг нэхнэ. Би өс хонзон санахгүй ч, шударга бус хандуулсаныхаа төлөө миний өмнөөс дуугарч, хариуцлага тооцох чадалтай Нэгэнд болон Түүний тогтоосон улс гүрний захиргаанд өөрийгөө захируулна. Учир нь Тэр "гэмтнийг Би шийтгэлгүй орхихгүй" гэж хэлээд "эцгийнх нь гэм нүглийн шийтгэлийг түүний гурав дөрөв дэх үед нь хараалаар буулгана" гэж амласан Бурханы хатуурхлыг санан зовлонгоо тэвчинэ.
4. Би Монгол хүнийхээ хувьд Монгол улс хүчтэй, чинээлэг, эрүүл саруул, өөрийгөө болон бусдыг сайн сайхан замд дагуулж чадах дэлхийн хүчирхэг гүрнүүдийн нэг болно гэж итгэдэг. Монгол хүчирхэг улс болохын нэгэн нууц нь Монгол хүн бүр дотроо үл хагаралдан, нийтийн төлөө санаа нэгдэн, шударга бус явдлыг эс тэвчин, сайн сайхныг дэлгэрүүлэхэд амиа үл бодон хүн бүр үр хойчдоо сайхан Монгол улсыг үлдээхийн тулд ажиллаж, амьдарваас энэ бүхэн бүтнэ гэж би итгэдэг.
Монгол улсыг Тэнгэр Бурхан ивээг!
Монгол овогт Ж. Бадамдорж
| < Өмнөх | Дараах > |
|---|


