СОНИН
НИЙТЛЭЛҮҮД
Бид хэрхэн элэг доог болж, амьдрал маань уруудан доройтдог вэ?
НИЙТЛЭЛҮҮД
Бид хэрхэн элэг доог болж, амьдрал маань уруудан доройтдог вэ?
Хүн бүр ямар нэг байдлаар бусдын элэг доог болж, амьдрал нь уруудан доройтдог. Харин энэ үйл явц хэрхэн бий болдгийг та мэдэх үү?
Библийн Иаков номын 1-р бүлэгт энэ талаар тодорхой өгүүлжээ. Ялангуяа 14-17-р ишлэлийг уншвал тэнд энэ бүхэн хаана эхэлж бид хаана төгсдөгийг тодорхой хэлнэ.
14Харин өөрийн хүсэл тачаалдаа автаж, уруу татагдах үедээ хүн бүр соригддог. 15Тэгээд хүсэл тачаал нь үр тогтоон нүглийг төрүүлдэг. Нүгэл нь биеллээ олохоороо үхлийг авчирдаг аж. 16Хайрт ах дүү нар минь, бүү мэхлэгдэгтүн.
Энд өгүүлснээр хүсэл тачаал нь уруудан доройтлын "үр" тогтоох хэвлий ажээ.
Үр гэдэг үг дээр эхлээд анхааръя. Үр гэдэг өчүүхэн зүйл. Жил бүрийн намар Улаанбаатар хот улиасны үрийг тээн нисэх цагаан хөвөнд дарагддаг. Тэр үр хаа нэгтээ очоод таатай хөрсөө олвол хаа ч улиас модыг ургуулж орхино. Өчүүхэн үр асар том модыг ургуулдгийн адил өчүүхэн "үр мэт буруу бодол", "үр мэт буруу дуу хоолой" бидний эргэн тойронд тэрхүү улиасны үр адил нисч байдаг.
Харин тэр үр мэт буруу бодол, буруу дуу хоолойг хүлээн авагч "шунал тачаал" гэж юу вэ? Тачаал гэдэг нь бусдын өртгөөр өөртөө зугаа цэнгэлийг авчрахыг хэлнэ. Тухайлбал, мөнгөнд тачаадагч хүн бусдын хөлс хөдөлмөрөөр олж авсан мөнгийг юман чинээ бодолгүй үрж орхихдоо өөрийгөө л зугаацуулна. Хормойн явдалд тачаадагч хүн бусдын ариун сайхан биеийг өөрийн дур хүслээ хангах хэрэгсэл болгон гутамшигтай явдал үйлдэхдээ зөвхөн өөрийгөө л зугаацуулна. Хулгайч хүн бусдын эд хөрөнгийг завшихдаа өөрийгөө л зугаацуулна. Интернэтээр порно үзэгч нөхөр хэнийг ч гэмтээлгүй зөвхөн өөрийгөө л зугаацуулж байгаа мэт боддог. Гэвч тэр ямар их үнэ төлөөсөөр хайртай эхнэртээ өгөх ёстой халуун янаг хүслээ алдаж байгаагаа тэр ойлгосонгүй. Өөрийгөө дөвийлгөгч номлогч бусдыг сүнслэг бус гэж гоочлон өөртөө тачаадна. Шанд нь тэр бусдаасаа хөндийрч бусдыгаа хайрлах сэтгэлгүй болдог.
Тачаал бол хамгийн аюултай хүсэл. Тачаал нь бүх нүглийг тээж төрүүлдэг хэвлий юм. Тачаал "үр мэт буруу бодол"-ыг тээж, тэжээж, төрүүлдэг.
Үр мэт бодлыг хэн өгдөг вэ? Худалчдын эцэг "чөтгөр" үүнийг хүмүүст өгдөг. Тачаадагч бүхэн чөтгөрийн үйлчлүүлэгч бөгөөд чөтгөр үр мэт буруу бодлыг тэдэнд шургуулахад тэд таашаан хүлээж авдаг. Учир нь ямар ч буруу бодлыг таашаалтай байдлаар харагдах, мэдрэгдэх байдлаар савлахыг чөтгөр гаргууд сайн мэддэг тул тэр сав баглаан дотор чухам аюул нуугдаж байгааг хүн ялгаж хардаггүй.
Гэнэн хүн тэр бодлыг нь тээж, тэжээж, төрүүлэхдээ гэм үйлддэг. Зарим итгэгчид, "Үйлдээгүй юм чннь дотроо буруу юм бодоход ямар ч гэм болохгүй биз дээ. Би хэнийг ч гэмтээгээгүй учраас энэ гэм болохгүй" гэж тэд боддог. Хөөрхөн охинтой унтаагүй ч дотроо түүнийг тачаадан хүсэх нь завхайрал юм гэж Есүс тодорхйо хэлсэн. Бусдын амжилтад атаархагч мөн л гэм үйлдэн тачаадаж байна.
Нүгэлт бодол бодоогүй, тээж яваагүй хүн гэж үгүй. Харин тэрхүү нүгэлт бодлын үр цацагдахад түүнийг шууд устгах, эрс татгалзах, эсэргүүцэн тэмцэх хүн ховор билээ. Иосеф Потифарын эхнэрээс зугтаж байсан. Даниел биеэ бузарлахгүй гэж зүрхэндээ шийдэж байсан. Түүний гурван найз шүтээнд мөргөхгүй гэж галд шидүүлж байсан. Есүс авралын амар замыг хайлгүй загалмайн замыг шулуудан сонгож эргэлт буцалтгүйгээр Эцэгийн хүсэлд өөрийгөө даатгасан. Паул итгэлээсээ ичихгүй гэдгээ тунхаглаж өөрийн ертөнцөд танигдсан улс бүхэнд сайн мэдээг хүргэсэн. Тэд нүгэлт бодлыг үрийг устгаснаар ялагчид болсон юм.
Иаков бидэнд хэлж байна "бүү мэхлэгдэгтүн". Үр мэт өчүүхэн ч гэсэн буруу бодлыг бүү тээ, бүү тэжээ, бүү төрүүл гэж. Сатан бидэнд буруу бодлыг өгөөд, буруу бодлыг хэрэгжүүлэх асар олон хувилбарыг санал болгоод, амьдралыг минь далдуур устгах жүжгийг дэглэдэг. Ийнхүү дэглэхдээ өөрөө багш нь бас дэмжигч нь болж биднийг өөгшүүлэн жүжгийг амьдрал дээр тоглохыг ятгадаг. Энэ жүжиг амаар, биеэр, бодитоор тархинаас амьдралд тоглогдоход нүгэл төрдөг байна. Нүглийн багш сатан эхнээсээ энэ замаар биднийг хөтөлсөн хирнээ эцэст нь элэглэн дооглож, нулимс, доромжилж, буруутган чичиж, яллан гутааж "хохь чинь" гээд бах таваа ханган дараагийн хүн рүү явдаг. Хүн гэдэг юутай хөөрхийлөлтэй, гэнэн, тэнэг юм бэ? Буруу гэдгийг нь анхнаасаа мэдсээр байж яах гэж үйлдэв гэж харамсавч оройтсон байдаг. Ингэж л бид уруудан доройтдог.
Тиймд бүү мэхлэгдэгтүн. Бодолдоо бүү мэхлэгдэгтүн. Юу бодож байгаагаа шүүн ялгах чадварыг Бурханаас гуй. Буруу бодлыг эсэргүүцэн устга. Бурхантай ойртон нягтарч амьдралаа зөв бодлоор өөдлөн босгоорой.
Ж. Бадамдорж
| Дараах > |
|---|

