Өнгөрсөн 1 сарын турш Дэлхий даяар хөл бөмбөгөөр амьсгалж, үнэнч хэсэг нь унтах нойроо хугаслаж, ууж иддэг нь далимдуулж, хот хөдөөгүй нилээдгүй юм болов. Испани түүхэндээ байгаагүй том амжилтыг тогтоож "хараалын гинжийг" тас татав. Мэргэч наймаалж паулыг 30,000 еврогоор авна гэсэн амлалтыг Испанийн нэгэн баян амласнаа биелүүлэх буй заа. Хэрэв Испани ялаагүйсэн бол "Муу ёрлосон" энэхүү паул нэртэй наймаалжийг хөнөөх аймшигт төлөвлөгөө "Б" хэсэгт байв. За энэ ч яахав, хөл бөмбөгт ч бас мухар сүсэг ямар их байдгийн нэгэн жишээ энэ. Харин хөл бөмбөгт хүн чанар бас байдгийг Испанийн алтан медалын цорын ганц гоолыг хийсэн Иниестагийн дотор цамцан дээр бичсэн үгс илтгэх мэт.
Андрес Иниеста 116 дахь минутад Испанийг Дэлхийн хөл бөмбөгийн анхны аварга болгох алтан гоолыг хийсэн юм. Тэрээр ялалтын энэ агшинд цамцан дээрээ өөрийн хэлээр нэгэн бичиг бичсэнийг та санаж байгаа байх. Дэлхий даяар тэр агшныг хэзээ ч мартахгүй биз. Тэрээр цамцан дээрээ "Dani Jarque siempre con nosotros" буюу "Дани Жаркү үргэлж бидэнтэй хамт" гэж бичсэн байна.
Испануолийн хамгаалагч 2009 онд Италид тоглолтод оролцоосоо өмнө зүрхний шигдээсээр нас баржээ. Тэрээр хэзээ ч Иниестатай хамт нэг багт тоглож байгаагүй ч тэд нас чацуутан, Испанийн үндэсний шигшээ багаар дамжиж гарсан нэг үеийнхэн юм байна.
Өөрийн энэ содон үйлдлийг Иниеста, "Би Данийг надтай болон манай багтай хамт байгаасай гэж хүссэн юм. Түүнд хүндэтгэл үзүүлэхийг хүсч байсан маань яг энэ торгон агшинд хамгийн тохиромжтой гэж үзээд түүний нэрийг ил гаргасан юм" гэж тайлбарласан байна.
Энэ үйлдэл хагас хамгаалагч Иниестад шар хуудас өгөх боломж байсан боловч, найз нөхрийнхөө өмнө хүндэтгэл үзүүлж буй нь түүнийг цагаатгах биз ээ.
Хөл бөмбөгийн ертөнцөд ч хүн чанар байдгийн нэгэн жишээ энэ юм.
(Зургийг АP авав.)
Ж. Бадамдорж
| < Өмнөх | Дараах > |
|---|


