Шашин шүтэх, эс шүтэх эрх үндсэн хуулиар олгогдсон билээ. Удахгүй болох хүн ам орон сууцны тооллогод хүн амын асуулгын хуудаст "Та шашин шүтдэг үү?" гэдэг асуулт байх аж. Тэр асуултын сонголтод:
Шүтдэггүй, шүтдэг гэж хоёр ангилаад шүтдэг бол ямар шашных гэдгээ тодруулах болж байна. Тэнд 1) Будда 2) Христ 3) Ислам 4) Бөө 5) Бусад гэсэн байна. Тэгвэл албан баримт бичигт өөрийн ямар шашин шүтдэгээ хэлж бичүүлэх эрх хувь хүн танд бийг та мэдэх үү?
"Төр, сүм хийдийн харилцааны тухай" хууль 1993 оны 11 сарын 11-нд батлагдсан байдаг. Тус хуулийн 3.5-д "Иргэний шашин шүтлэгийн байдлыг уг хүн өөрөө хүссэнээс бусад тохиолдолд албан баримт бичигт тусгахыг хориглоно" гэжээ. Хуулийн цаад санаа нь тухайн шашин шүтдэг иргэнийг өөр шашны хүн өөрийн байр суурь, эрх мэдэл, давуу байдлаа ашиглан ялгаварлан гадуурхах, доромжлох, хагалан бутаргах үйл ажиллагаа явуулахаас хамгаалж буйн хэлбэр гэж ойлгож байна.
Сайнаар харвал хүн амын шашин шүтлэгийн бүрэн статистик мэдээлэлтэй болно. Муугаар харвал хэн нэгэн үл бүтэх этгээд таны шашин шүтлэгийн мэдээллийг ашиглан танд болон гэр бүлд тань элдэв дарамт учруулах боломжтой болж байгаа юм. Тиймд өөрийн хувийн аюулгүй байдлын үүднээс шашин шүтлэгийн мэдээллээ мэргэн ухаанаар өгөхөө та мэдтүгэй!
Асуулгын загварыг http://www.legalinfo.mn/insys/lawmain.php?vlawid=1404 хаягаар ороод татаж аваад, "Хүн # 01" хуудасны 3-р баганад буй 20-р асуулгын асуултыг харна биз ээ.
| < Өмнөх | Дараах > |
|---|

