Таван талт үйлчлэл

853

Христитгэл талын Монголчуудын дунд өнө удаан хэдэн зууны турш оршин тогтнож хаад ноёд, харц ард, цэргийн жанжин, эрдэмтэн мэргэдийн дунд ч түгэн дэлгэрч явснаа сүүлийн хоёр зуун жил нам гүмийн үеийг туулаад өдгөө дахин сэргээд 30 гаруй жил болж байна. Энэ үйл явц дунд “Есүсийн цуглаан”, “Христийн чуулган” гэх нэгж бүлгүүд бий болж Христэд итгэгчид өөрийн гэсэн чуулгантай болжээ. Монгол үндэстэн эх хэл дээрээ Библитэй, Монгол пастортай, Монгол чуулгантай байна гэдэг асар их ерөөл юм шүү. Баярлалаа ИАВЭ Бурхан минь! 

Чуулган бол дэлхийд илгээгдсэн Бурханы илгээлт гэж теологийн зүгээс үздэг. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр Бурхан газар дэлхий дээр Адам Еваг бүтээхдээ өөрийн бүх бүтээлээ хүмүүнд захируулахаар өгч. Харин хүмүүн Бурханы Үгийг зөрчиж дэлхийн эзэд байсан тэд нүглийн боол болж, тэр үеэс энэ дэлхийг харанхуйн хүч захирах болов. Энэ бол хөдлөшгүй Библийн үнэн баримт. Нүглийн боолчлолоос нь чөлөөлөхөөр Аврагч буюу Есүс Христ ирж загалмай дээрх үхэл, оршуулга ба амилалтаараа нүглийг өөртөө авч хүмүүнийг цагаатгаад үхлийг үүрд хүчгүй болгов. Иймд Есүс Христэд итгэсэн ямар ч үндэстэний хүний нүгэл уучлагдаж, мөнх тамын үхлээс аврагдаж өнө мөнхөд Бурханы оршихуйд залрах хувь тохиолыг хүртсэн билээ. Харин Есүст итгэсэн цагаас диваажин хүртэл газар дээр даяанч мэт амьдрах хугацаандаа Бурханы даалгавар болсон Аугаа Захирамжийг (Матай 28:18-20) амьдралын мөрдлөг болгож аврагдагдаагүй бусдыгаа Христ рүү авчрах, аврах, дагалдагч болгох үйл явцыг итгэгч бүр хийдэг. Үүнийг теологийн хэллэгээр “Илгээлт” гээд байгаа юм. Илгээлт нь зөвхөн илгээлтийн эздийн л үйлчлэл бус харин бүх итгэгчдийн үйлчлэл юм. Энэхүү илгээлтэд бэлтгэх ба илгээх функцийг “Христийн чуулган” хийдэг. Итгэгчид цуглах үедээ Библийн сургаалаар бэлтгэгдээд, тарах үедээ байгаа байгаа газар луугаа илгээгдэн тэндээ сайнмэдээ дэлгэрүүлэгч, дагалдагч бэлтгэх ажиллагааг сайн дураар, итгэл үнэмшлийнхээ үндсэн дээр, янз бүрийн хэлбэр хэмжээгээр хийдэг. 

Итгэгчдийг илгээлтэд зохистой төлөвшил, ухаарал, итгэл, амьдралд сургах үүрэгтэй Христийн чуулганыг босгон байгуулахад Есүс Христ өөрийн чуулгандаа таван төрлийн бэлэг авъяас чадварыг өгсөн байдаг. Энэ тавыг “Таван талт үйлчлэл” (Five-fold ministry) гэж махчилан орчуулж хэрэглээд удлаа. Энэ талаар Ефес 4:11-12-д бий. Одоо өгүүлэх урсгал чиглэлүүд нь бүгд зөв бөгөөд гаж урсгал биш. Бүгд эвангелийн урсгал чиглэлүүд. Таван талт үйлчлэлийн талаар тэд өөр хоорондоо санал нийлдэггүй ч дайснууд биш. Авралын тал дээр бүгд зөвхөн Христэд итгэснээр л аврагдана гэж итгэцгээдэг. Зөвхөн Библи л хамгийн дээд эрх мэдэлтэй гэж тэд бүгд хүлээн зөвшөөрдөг. Харин таван талт үйлчлэлийн талаарх асуудал бол авралтай, хүний мөнхийн хувь тавилантай шууд холбоогүй болохоор теологийн гэмгүй маргааны нэгд тооцогддог. Тиймд танай манай гэх талцал хуваагдлыг энд би огт хөндөхийг санаархаагүй болно.

Юуны өмнө энэхүү таван талт үйлчлэлийг теологичид хоёр янзаар тайлбарладаг. Эхнийх нь “Үгүйсгэгчид” (Cessationism) удаах нь “Үргэлжлүүлэгчид” (Сontinuationism). “Үгүйсгэгчид” нь Есүсийн 12 дагалдагчид буюу “Элч нарын үе” гэх үе дуусгавар болохтой зэрэгцээд Библид бичигдсэн алив гайхамшиг, харь хэлээр ярих, эш үзүүллэг, тэр ч бүү хэл элч ба эш үзүүлэгчийн үйлчлэл дуусгавар болж одоо цагт байхгүй болсон ба байгаа тохиолдолд тэр нь гаж буруу байж таараа гэж заадаг хэсэг юм. Энэ санааг теологич Жон Калвин (Шинэчлэлийн теологич, “Reformed theology”) анхлан бий болгожээ. Түүний энэ теологийг баримтлагч урсгал чиглэлд Реформед (Reformed), Пресбейтеран (Presbyterian) болон Англикан (Anglican) ордог. Тэдний баримталдаг гол эшлэл нь, 1Коринт 13:10 “Харин төгс нь ирэх үед хэсэгхэн нь ч үгүй болно.” Энд өгүүлэх “төгс нь” гэдгээр тэд Библийн 66 ном бүрэн бүтэн болсон учраас элч, эш үзүүлэгчийн үйлчлэл дуусгавар болсон гэж үздэг. Гэвч “Төгс” гэдэг үг Бичээс гэдэг утгыг илэрхийлэх бус харин Есүс Христийн хоёр дахь ирэлтийн талаар илэрхийлж байгааг 1Коринт 13:9-12-ыг уншвал хам утгаар нь ойлгоно.

Харин “Үргэлжлүүлэгчид” нь Есүсийн 12 элч нар одоо байхгүй ч Христийн чуулган төлөвштөл сүнслэг бэлэг авъяас, эш үзүүллэг, гайхамшиг ба таван талт үйлчлэл байсаар байх болно гэж үздэг. Энэ талыг баримталдаг урсгал чиглэл нь голдуу Пентекост (Pentacostal) ба Карисматикууд (Charismatics) юм. Пентакостууд нь Пентакостоор харь хэл ирсэнд итгэдэг ба одоо ч харь хэл байдагт итгэдэг ярьдаг бүлэг. Карисматикууд нь Ариун Сүнсний бэлэг авъяасууд нь одоо ч ажилладаг гэж итгэдэг бас үйлддэг бүлэг. Ефес 4:12-д “… ариун хүмүүсийн үйлчлэлийн ажилд бэлтгэж, Христийн биеийг байгуулахын тулд юм” гэдгийг мөрдлөг болгож “Үргэлжлүүлэгч” талыг баримтлагчид дээрх эшлэлд өгүүлсэн зорилго бүрэн биелээгүй тул одоо ч таван талт үйлчлэл хүчинтэй байгаа гэж үздэг. 

За оршил дуусч гол сэдэвтээ оръё. Таван талт үйлчлэл байдаг байдаггүй гэсэн орчин цагийн маргаанаас үл хамааран ер нь Библи энэ талаар Шинэ Гэрээний чуулганд юу гэж өгүүлж байгааг харцгаая. 

 

Таван талт үйлчлэлд ямар үйлчлэл орох вэ?

Ефес 4:11-12, “Тэр, заримыг нь элч, заримыг нь эш үзүүлэгч, заримыг нь сайнмэдээ тунхаглагч, заримыг нь хоньчин ба багш болгосон нь ариун хүмүүсийн үйлчлэлийн ажилд бэлтгэж, Христийн биеийг байгуулахын тулд юм.”

Таван талт үйлчлэлүүд:

1. Элчийн үйлчлэл

2. Эш үзүүлэгчийн үйлчлэл 

3. Сайнмэдээ тунхаглагчийн үйлчлэл

4. Хоньчин (Пасторын) үйлчлэл

5. Багшийн үйлчлэл 

 

Энэ таван үйлчлэлийг 5 хүн гэж харахаасаа илүү 5 төрлийн функц бүхий үйлчлэл гэж харвал зохистой. Тэгэхгүй бол элч тэр, эш үзүүлэгч тэр, сайнмэдээ тунхаглагч тэр, пастор тэр, багш тэр гээд сэтэр, албан тушаал, байр суурь, хэн нь хэнээсээ илүү чухал гэх мэт утгагүй яриа болж хувирна. 

“Үгүйсгэгчид” бол элч, эш үзүүлэгч байхгүй зөвхөн үлдсэн гурваар нь чуулган босгон байгуулагдаж байгаа гэж үздэг бол “Үргэлжлүүлэгчид” энэ тавыг бүгд байгаа гэж үздэг. Таван талт үйлчлэлийн фокус өөр өөр боловч зорилго нэг. Зорилго бол “ариун хүмүүсийн үйлчлэлийн ажилд бэлтгэж, Христийн биеийг байгуулахын тулд.” Энэ зорилгын төлөө тал талаас нь үйлчилдэг энэ үйлчлэлийн фокусыг ойлгох маш чухал. Тэрнээс биш элч нь хамгийн том нь, багш нь хамгийн жижиг нь гэсэн үг биш. Таван талт үйлчлэл нь эрх мэдлийн босоо удирдлага ч биш. Хэн нь хэнийхээ дээр байх тухай яриа ч биш. Учир нь таван талт үйлчлэл нь өөр өөрийн үйлчлэлийн хүрээндээ хүндлэл ба үр жимсээрээ л ялгагдана. Таван талт үйлчлэл нь тус тусдаа өөр фукцтэй, фокустай боловч нэг л зорилгын төлөө үйлчилдэг гэдгийг мартаж болохгүй. Тэр зорилго нь “Зөвхөн Христийн чуулганы төлөө” байдаг. 

 

Таван талт үйлчлэлийн фокус

Элчийн үйлчлэлийн фокус бол сайнмэдээ хүрээгүй шинэ газар нутгийг онилж, тэнд Христийн сайнмэдээний анхны үрийг тарьж, чуулганыг эхлүүлэх, ахлагчдыг томилоод тухайн бүс нутаг, улс үндэстэн, тив дэлхийд Христийн Хаанчлал батжин бэхжихэд анхаардаг. Тэд том зургаар харж, аливааг хийхдээ ч үндэстэний хэмжээнд сэтгэж хийдэг хүмүүс. Элчийн үйлчлэл нь явуулын үйлчлэл. Гэхдээ тэд тодорхой нэг нутгийн чуулганаас илгээгдсэн хүмүүс байдаг. Тэд нэг чуулганы өмчлөлд байдаг үйлчлэлтэй бус харин даяар чуулганы өмч болсон үйлчлэлтэй хүмүүс. 

Эш үзүүлэгчийн үйлчлэлийн фокус нь Хуучин Гэрээний эш үзүүлэгч шиг үг бүр нь Бичээс болдог төвшиний эш үзүүлэгч болох биш юм. Шинэ Гэрээний эш үзүүлэгчдийн фокус нь Бурханы нууцыг илчлэх, чуулганы явах чигийг тодорхойлох үүрэгтэй. Шинэ Гэрээнд Агаб гэдэг эш үзүүлэгч гардаг (Үйлс 11:27–30). Эш үзүүлэгчийн үйлчлэл нь явуулын үйлчлэл. Гэхдээ тэд тодорхой нэг нутгийн чуулганд харъялагддаг.

Сайнмэдээ тунхаглагчийн үйлчлэлийн фокус бол хараахан сайнмэдээ хүрээгүй байгаа улс үндэстэнд сайнмэдээг тунхаглах юм. Тэдний хувьд аврагдагсад л хамгийн гол фокус. Сайнмэдээ тунхаглагч нь зөвхөн сайнмэдээг яриад зогсохгүй мөн элдэв төрлийн өвчнөөс эдгээх, чөтгөрийн эрхшээлээс хүмүүсийг чөлөөлөх, бүр үхлээс хүнийг амилуулах гайхамшиг үйлддэг. Христэд итгэхэд нь үл итгэгчдэд туслах зорилготойгоор эдгээр гайхамшгуудыг үйлддэг болохоос биш өөрийгөө гайхуулах, алдаршуулах зорилгогүй юм. Энэ үйлчлэл нь ялгаагүй явуулын үйлчлэл. Гэхдээ тэд тодорхой нэг чуулганы гишүүн байдаг.

Хоньчин буюу пасторын үйлчлэлийн  фокус бол нутгийн чуулганд санаа тавих юм. Элч нарын хувьд даяар чуулганд санаа тавих фокус байдаг бол пасторын үйлчлэлийн фокус нь нутгийн чуулгандаа л анхаарах явдал байдаг. Итгэгчдэд хамгийн ойр үйлчлэл бол пасторын үйлчлэл. Тиймээс л пасторын үйлчлэл нь энэ таваас хамгийн том нь гэсэн гэнэн бодолтой итгэгчид байх. Үнэндээ пасторын үйлчлэл нь нэр хүндтэй үйлчлэл. Гэхдээ бусдаасаа илүү гэсэн үг бас биш. Энэ таван үйлчлэлээс цорын ганц суурин үйлчлэл бол пасторын үйлчлэл. 

Багшийн үйлчлэлийн фокус нь Библийн нарийн үнэнийг тодорхой ойлгомжтой зөв заах, чуулганыг Бурханы Үгээр босгон байгуулж бэхжүүлэх, алив гаж буруу сургаалаас чуулганыг хамгаалах, сэрэмжлүүлэх үүднээс сургаалыг бүхий л хэлбэрээр бичих, ярих, дамжуулах функцтэй. Багшийн үйлчлэл нь явуулын ба суурин аль ч хэлбэрээр хэрэглэгддэг. 

 

Дахин хэлэхэд дээрх таван талт үйлчлэл нь итгэгчдийг үйлчлэлд сурган бэлтгэж, Христийн биеийг байгуулахын тулд юм. Энэ утгаараа бүгд үнэ цэнэтэй үйлчлэл. 

 

Дүгнэж хэлэхэд …

Таван талт үйлчлэл бүгд байдаг, байдаггүйг ухуулан тайлбарласан олон төрлийн теологийн ном зохиол байдаг. Харин тэдгээрээс илүүтэйгээр та бид Библиэ нарийн судалж ойлгох нь зөв юм. Миний хувьд, хэн нэгэн хүн өөрийгөө элч, эш үзүүлэгч гээд зарлаад явбал сэжиглэнгүй ханддаг, шалгадаг, нягталдаг. Гэхдээ интернэтээр хэн нэгний бичсэн гүтгэлгийн чанартай үгийг эш болголгүй харин тухайн хүний ярьж сургаж байгаа сургаалыг өөрийн нүд чихээр сонсож Библиэр шүүн нягталдаг. Элч ба эш үзүүлэгч гэдэг нь албан тушаал, хэргэм цол биш зөвхөн үйлчлэлийн функц гэдгийг өмнө нь бичсэнчлэн миний бие үздэг тул хаа нэгтэйгээс, “Би элч тэр байна” гээд нэрийн хуудастай ороод ирвэл тийм ч найрсаг хүлээн авахгүй. Магадгүй тэр хүн хэн нэгэнд элч байж болох ч миний хувьд л элч биш. Гэхдээ итгэлээрээ зааж байгаа бүхэн нь евангелийн чуулганы теологийн арааман дотроо байж байвал түүний зарим үгстэй санал нийлэхгүй ч гэсэн хүндлээд л өнгөрдөг. Учир нь Христийн биед олон эд эрхтэн, олон төрлийн функц бий. Тэдгээрийг бүгдийг нь ойлгохгүй ч, ойлгох ч албагүй болохоор Христийн Биеийг эрүүл саруул байлгаж, Христийн Бие дотор бусад үйлчлэлтэй эвтэй найртай зохицон ажиллаж л байвал би ямар ч үйлчлэлийг буруутгадаггүй. Хэн нэгний үйлчлэлээр хэн нэг нь босгон байгуулагдаж байдаг Христийн Бие дотор өөрийн хувийн үзэмжээр, өөрийн теологийн явцуу тайлбараар “Энэ үйлчлэл буруу”, “Энэ багш буруу” гээд Бурханы ерөөлийн крантыг муйхраар хүчээр хааж болдоггүй юм билээ. Хаалаа ч гэсэн хаа нэг газраараа сад тавин урсах Бурханы ажлыг ямар ч хүн зогсоож чадахгүйг олонтаа харж байлаа. Тиймд хэн нэгэн зүгээр л мөрөөрөө үйлчлээд Христийн Биеийг босгон байгуулж, олон итгэгчдийг тэнхрүүлж байхыг хараад тэр хүний теологийн байр суурь нь эвангелийн чиглэл дотроо байсаар байхад буруутгаж болохгүй. Харин өөрийнхөө теологид үнэнч байж, өөр нэгнээ хүндэтгэн даруухнаар хандах ёстой. 

Энэ том сэдвийг ийнхүү хураангуйлж бичиж байгаадаа хүлцэл өчье. Тэгээд ч одоо цагт энэ хүртэл уншсан хүн гэдэг бол хуучин цагийн зузаан роман уншсан хүн шиг л боловсролтой нэгэн гэж тооцогддог болсон цагт хураангуй товч тодорхой бичихгүй л бол болохгүй болчихоод байгааг ойлгоно биз ээ. ЭЗЭН Монгол чуулганыг теологийн төлөвшилд хөтлөх олон олон пастор, багш нарыг мөн олон төрлийн үйлчлэлүүдийг босгон гаргаж ирсээр байгаад талархъя!


Др. Ж.Бадамдорж
#BJM




Хайх