АНТИСЕМИТИЗМ

809

АНТИСЕМИТИЗМ

Дөрвөн мянган жилийн тэртээ Бурхан хожмын түүхийг эргүүлсэн нэгэн сонголт хийжээ. Бурхан Өөрийнх нь болзлыг хүлээн зөвшөөрч, бүх үндэстэнд Бурханы ерөөлийг дамжуулах суваг болж чадах хүнийг хайсаар, Абрам гэдэг хүнийг олжээ (хожим Абрахам нэртэй болсон).

Бурхан ямар зорилгоор Абрахамыг сонгосныг Эхлэл 12:2-3 дээр хэлдэг. Ерөөл, хараал нь мөн чанараараа тун ойр ажээ. Бурхан Абрахамын дээр ерөөлийн дөрвөн амлалт дуудсан байна:

“Би чамайг ерөөнө. Чи ерөөл болно. Чамайг ерөөгчийг Би ерөөнө. Газар дэлхий дээрх бүх үндэстэн чамаар дамжин ерөөгдөнө.”

Гэтэл энэ их ерөөлийн дундуур хараал хөндөлсөв:

“Чамайг хараагчийг Би хараана.”

Бурхан энэ хараалыг нэг чухал практик зорилгоор нэмжээ. Бурханы ерөөлийг хүлээн авсан хүн тэр даруй Бурханы хүмүүсийн хамгийн том дайсан - Сатаны үзэн ядалт, эсэргүүцлийн бай болдог. Үүнээс үзвэл, Бурханы ерөөл нь Сатаны хараалыг өдөөдөг ажээ. Энэ шалтгааны улмаас, Бурхан Абрахамыг ерөөхдөө, түүнийг хараах бүхэн дээр хараалаа нэмэрлэжээ. Өөрөөр хэлбэл Абрахамыг хараасан хүн зүгээр өнгөрөхгүй.

Эхлэл 27:29 дээр Исаак хүү Иаковаа ерөөхдөө: “Чамайг хараагч нь хараагдана” хэмээн Абрахамд хэлсэн Бурханы хамгаалалтаар хөвгүүнээ бүсэлжээ. Хожим Израилийг хараах гэсэн Балаамын санаа талаар болж, тэрбээр тэнгэрлэг албадлагаар Израилийн хувь заяаг зөгнөн илчилсэн юм. Тооллого 24:9 дээр буй Балаамын үгс нь Абрахам, Иаков хоёрт айлдсан Бурханы үгсийг цуурайтуулж байна:

“Чамайг ерөөх бүхэн ерөөгдөж, чамайг хараах бүхэн хараагдах болтугай.”

Үүнээс үзвэл, Абрахам дээр анхлан дуудсан ерөөл, хараал нь түүний үр сад болох Исаак, Иаков хоёрт өвлөгдөж, дараа нь тэдний үр удамд буюу бидний мэдэх Еврейчүүдэд өвлөгдсөнийг Бичээс тодорхой хэлжээ.

Дайсан Абрахам Исаак, Иаков болон тэдний үр удмыг хараах чадваргүй байх нөхцлийг Бурхан бүрдүүлээгүй боловч, үүнийг хийсэн хүн зүгээр өнгөрөхгүй гэдгийг харин баталгаажуулжээ. Тэр цагаас хойш Еврейчүүдийг хараасан хүн өөр дээрээ илүү аймшигтай хараал буюу хамгаас хүчирхэг Бурханы хараалыг буулгах болжээ. Бурханы хараалыг өдөөн хатгах хандлагыг орчин цагт антисемитизм гэдэг.

Эцэг өвгөдийн үеэс өдгөөг хүртэл хувь хүний болоод улс үндэстний түүхнээ хүчин төгөлдөр ажилласаар ирсэн уг хараалын үр нөлөөг эгнээх гэвээс хэдэн ботиор тоологдох биз. Еврейчүүдийг хараачихаад, эргээд Бурханы аймшигт хараалд өртөөгүй хүн болоод үндэстэн өнгөрсөн 4,000 жилд гараагүйг хэлэхэд л хангалттай.

Набил Хадаадын түүх нь Абрахамд өгсөн Бурханы амлалтын хоёр талыг маш тодорхой дүрслэн харуулсан орчин цагийн жишээ юм: Еврейчүүдийг зүхсэн нь Бурханаар хараагдаж, Еврейчүүдийг ерөөсөн нь Бурханаар ерөөгдөнө. Набил бол Хайфад нэр хүндтэй гэр бүлд төрж өссөн Палестины араб хүн юм. Тэрбээр хожим Америк руу цагаачилж, амжилттай бизнесмэн болж түүнчлэн Эзэн Есүс Христтэй нүүр тулан уулзжээ. Энэ бол түүний өөрийн өгүүлсэн түүх:

Намайг Набил Хадаад гэдэг. Би 1938 онд Хайфад Христэд итгэдэг гэр бүлд төрсөн Палестины араб хүн билээ.

Миний бие ухаан орсон цагаасаа л сэтгэл гутрах өвчинд нэрвэгдсэн бөгөөд үүнээсээ болж нэг ч шөнө сэтгэл амар орондоо орж үзээгүй юм. Тэгээд би аз жаргалын эрэлд мордов. Аав ээжийнхээ алган дээр бөмбөрч өссөн ч, аз жаргал гээчийг харин хэзээ ч мэдэрч үзсэнгүй. Тиймээс амжилттай болвол аз жаргалтай болно гэдэгт үнэмшив.

1948 онд Араб - Иүдейн дайн дэгдлээ. Бид гэрээрээ Ливан руу нүүв. Тавиад оны сүүлээр би коллежд сурахаар Америкийг зорьсон юм.

Америкт очоод боловсрол ба бизнесээр дамжин амжилттай болох зорилгоо биелүүлж гарав. Хэдхэн жилийн дотор гэрлэж, Америкийн иргэн болж, өрхийн тэргүүн, аав тэгээд бас МкДональдсын эзэн болов. Гуч хүрээд саятан боллоо. Гэвч сэтгэлийн гутрал арилсангүй. Би машин, аялал, цэнгэл зэрэг мөнгөөр олж болох бүхэнтэй хөөцөлдсөн ч, үр дүнд хүрсэнгүй.

Эцэст нь би хэдэн асуудал тавив: “Ер нь тэр Есүс гэж хэн юм бол? Хоёр мянган жилийн тэртээ үхчихсэн тэр Хүний тухай яагаад хүмүүс ярьсаар байна вэ? Хэн болоод хүмүүс Түүнийг магтан хүндэтгээд байна?”

Тэгээд Есүс гэдэг тэр Хүн Өөрийнхөө талаар юу гэж хэлснийг мэдэхээр Библийг нээтэл өрөө маань Бурханы оршихуйгаар дүүрээд л явчихав. Төдөлгүй би Есүс бол Бурханы Хүү гэдгийг мэдэж авсан юм. Библиэ уншиж, найзууддаа Есүсийн тухай ярьж нэг жилийг үдлээ. Гэхдээ сэтгэлийн гутрал арилсангүй. Энэ үед би МкДональдсын есөн ресторанаа хэдхэн саяар худалдаж, шинэ бизнес эхлүүлэв. Гэтэл үйлс маань улам л хазайж, улам л дарамттай боллоо. Би дахиад л Бурхантай ярьлаа.

“Эзэн минь, энэ чинь юу вэ? Би Таны Хүүг мэддэггүй байхад ажил үйлс маань бүтэлтэй байсан. Гэтэл Таны Хүүг мэддэг болсноос хойш хамаг юм уруудлаа!”

Тэгтэл Бурхан надад ийн хариулав: “Есүс Миний Хүү гэдгийг мэдлээ гээд чи яасан юм бэ? Амьдралд чинь юу ч өөрчлөгдөөгүй. Есүсийг Миний Хүү гэдгийг Сатан ч мэднэ.”

“Эзэн минь, тэгвэл Та надаас юу хүснэ вэ?”
“Гэмшиж, Түүнийг амьдралдаа оруул.”

Хэрхэн гэмшиж, Есүсийг зүрхэндээ урихыг сурч аваад, дагаж хийлээ. Хэдэн сарын дараа Ариун Сүнс доторх баптисмыг хүлээн авав. Ингэж би хариултаа олсон юм. Одоо би сэтгэл амар нойрсож чаддаг болов. Тийм боловч амьдрал маань нэг л зөв голдрилдоо орохгүй, бизнес маань муудсаар байсан тул би Бурхантай дахин нүүр тулав.

“Эзэн Та намайг мэхэлжээ! Таны Хүү Есүсийг мэдэхээс өмнө амьдрал минь хичнээн сайхан байлаа. Гэтэл Түүнийг мэдсэнээс хойш үйлс маань уруудаж эхэлсэн. Дараа нь би Түүнийг амьдралдаа урьсан. Гэтэл одоо хамаг юмаа алдлаа!”

Гэтэл Бурхан надад хариулав: “Би хартай Бурхан. Чиний бизнес бол чиний бурхан. Чиний Ролс Ройс бол чиний бурхан. Чиний байр суурь бол чиний бурхан. Би чамд хэн нь жинхэнэ Бурхан болохыг харуулахын тулд бүх худал бурхдыг чинь зайлуулна. Тэгээд Би чамайг дахин сэргээн босгоно.”

Арван сарын дотор би бүрэн дампуурав.

Удалгүй Форт - Лаудердэйлд зохион байгуулагдсан Дерек Принсийн “Хараал: урхаг шалтгаан ба анагаах эм” нэртэй семинарт оролцсон юм. Тэгээд санхүү, эрүүл мэнд, үр хүүхэддээ сэтгэл дундуур байх зэрэг амьдралын маань олон тал хараал дор байгааг ойлгов. Аавын минь, гэр бүлийн маань амьдралд ч яг ийм асуудал байсныг би саналаа.

Семинарын гурав дахь өдөр Дерек олон зуун хүнийг хараалаас чөлөөлөх залбиралд хөтлөх үед би ч бас босч зогсов. Миний урьд, хойд, дэргэдийн хүмүүс чөлөөлөгдөж байлаа. Миний хувьд тэр цуглаан дээр чөлөөлөгдөөгүй боловч, маргааш нь биеийн маань гүний гүнд лав шаагдсан зүйлсээс бүтэн 8 цагийн турш асар зовиуртай огиулан байж чөлөөлөгдсөн юм. Яг юунаас чөлөөлөгдсөнөө Эзэнээс асуутал, ид шид болоод өөр олон тодорхой асуудлыг харуулсан юм.

Хэдэн сарын турш Эзэн надад хараалын өөр олон талбарыг нэмж харуулсаар байлаа. Харин би тухай бүрт нь гэмшин улайж, миний төлөө хараал болсон Есүсийн үйлс дээр тулгуурлан чөлөөлөлтийг тунхаглаж байв.

Нэгэн өдөр Бурханыг магтаж байгаад: “Та ямар аугаа вэ! Та ертөнц дээрх бүх зүйлийг бүтээсэн!” гэж хэлтэл

Бурхан өөдөөс минь :“Чи үнэхээр тэгж итгэж байна уу?” гэж асуусан юм. Би ч: “Тийм ээ, Эзэн минь!” гэж хариуллаа.

Гэтэл Бурхан: “Тэгвэл Еврейчүүдийн талаар юу хэлмээр байна? Чи тэднийг үзэн ядсаар л байгаа шүү дээ!” гэв.

Манайхан бүгдээрээ Еврейчүүдийг хараадаг байсныг би санав. Ухаан орсон цагаасаа л тэднийг зүхэж сурсан сан. Тиймээс би Эзэний дотор: “Би Еврейчүүдийг үзэн ядсанаа гэмшиж, тэднийг уучилж байна!” гэж мэдэгдтэл, тэр даруй дотор минь нэг юм хувьсаад явчихав.

Хожим Бурхан Еврейчүүдийн эцэг Абрахамд “Чамайг ерөөгчийг Би ерөөж, чамайг хараагчийг Би хараана” (Эхлэл 12:3) гэж мэдэгдсэн байдгийг нь олж мэдэв. Тэр үед миний санхүүгийн амьдрал ерөөл дор бус, харин гачигдлын хараал дор байсныг ухаарав. Хэрэв 250,000-ыг олбол, 300,000 хэрэгтэй болдог, хэрэв 500,000-ыг олбол, зардлаа нөхөхийн тулд 700,000 шаардлагатай болдог байлаа.

1982 онд антисемитизм ба үүнийг дагалдах гачигдлын хараалаас чөлөөлөгдсөнөөс хойш манай орлого зардал, хэрэгцээнээс минь ямагт давдаг болсон юм. Тийнхүү би Бурханы хаанчлалын ажилд бодитоор өргөх чадвартай болов.

Түүгээр барахгүй Бурхан миний биеийг болоод сэтгэлийг ч эдгээсэн. Эдүгээ би өөрийгөө ялалт дотор алхаж явааг бодитой хардаг. Миний энэ гэрчлэл олон хүнд хараалаас чөлөөлөгдөж, ерөөлд нэвтрэхэд тус болсон билээ.

Набилын амьдралаас авах сургамж тодорхой байна: Еврейчүүдийг үзэн ядаж, хараасан хүн зүгээр өнгөрөхгүй. Энэ сургамж бидэнд ч амин чухал. Өнөөдөр антисемитизм нийгэм, улс төрийн талбарт маш хүчтэй ажиллаж байна. Гэхдээ антисемитизмд захирагдсан хүн өөр дээрээ л хараал авчирна.

Харамсалтай нь нийтийн дунд хүлээн зөвшөөрөгдсөн Христийн чуулган олон зууны турш антисемитизмын хийрхлийг тухиран дэвэргэсэн буруутай билээ. Гэтэл Чуулган үнэндээ итгэлээр мэдэгддэг сүнслэг ерөөл бүрийнхээ төлөө золионд явуулаад байгаа Еврейчүүддээ өртэй юм. Еврейчүүд үгүй бол Чуулган элч ч үгүй, Библи ч үгүй, Аврагч ч үгүй байх байлаа.

Орчин цагт нэн ялангуяа антисемитизм газар авсан Европ ба Ойрх Дорнодод Христийн хаанчлал дотор царцуу, үлбэгэр байдал давамгайлдгийн үндсэн шалтгаан энэ ажээ. Набил Хадаадын түүх бидэнд нэгэн шийдлийг зааж байна: антисемитизм нь нүгэл болохыг ил тодоор хүлээн зөвшөөрч, гэмшиж, эсэргүүцэх. Энэ үйлдэл нь Еврейчүүдэд хандах хандлагыг маань үндсээр нь өөрчилж, чухам тэдний ачаар л Христийн Чуулган сүнсний хэмжээлшгүй ерөөл хүртсэнээ хүлээн зөвшөөрөх, зүрх сэтгэлийн гүн өөрчлөлт авчирна.

Бид ингэж чадвал, орчин цагийн Чуулганы дийлэнх хувийг нөмөрсөн хараалын хар сүүдрийг хөөж, оронд нь Бурханы ерөөлийг байршуулна.


Та Дерек Принсийн "Ерөөл эсвэл хараал: Сонголт нь таных" номын 8-р бүлгийг уншлаа.

Сонсох хувилбараар 

 




Хайх