Амьдралын үнэ цэнэ

4423

Амьдралын үнэ цэнэ алдаж болохгүй үргэлж хамгаалах зүйлс гэж бий. 

Мэдээж олон зүйл байдаг байх. 

Минийхээр тэдгээр нь:

1. Зөв сэтгэл

2. Амьдралын баяр хөөр

3. Сэтгэлийн амар тайван

4. Хөдөлмөрч байх

5. Мэргэн сонголт

6. Уучилж өнгөрөөж сурах

7. Биеийн эрүүл мэнд

8. Тэвчээр хатуужил 

9. Хайр 

Эдгээрийг дэлгэрүүлбэл:

1. Зөв сэтгэл. Сэтгэл зөв бол үг, үйлдэл, сонголт зөв. Харин сэтгэл хэрхэн зөв болдог вэ? Зөв сургаал, зөв үлгэр дууриалал, зөв зөвлөгөө, зөв нөхөрлөл, зөв зан чанар сэтгэлийг засч байдаг. Сэтгэл төрөхөөсөө л өөрөө зөв байдаг юм биш. Харин түүнийг хүүхэд шиг хүмүүжүүлж, төлөвшүүлэх үйл явцаар засч явдаг билээ.

2. Амьдралын баяр хөөр. Хүнд ямар нэг баяртай үйл явдал болох ч юм уу, санасан хүсэл нь биелдэг ч юм уу, зүтгэсэн ажил нь амжилттай болдог ч юм уу ямар нэг сайн юм болоход хүн баярладаг. Харин амьдралын баяр хөөр бол үүнээс арай өөр ойлголт. Баярлах юм байхгүй үед ч, бүх юм сөрөг муухай байх үед ч, амьдралын бараан үүл хучих үед, үүлний цаана нар мандсаар байгаа, энэ нөхцөл байдал бол түр зуурынх юм гэж найдвар тээж байгаа хүнд амьдралын баяр хөөр байдаг. Тэр гаднаа үргэлж инээмсэглэн явахгүй ч дотроо найдвар тээн амьдралын эрч хүчний эх сурвалж болсон баяр хөөрөө хадгалж явдаг. Амьдралын баяр хөөр бол амьдралын бэрхийг туулан гарах та бидний хүч чадал юм.

3. Сэтгэлийн амар тайван. Гадна юу ч болж байсан дотроо амар тайван байхын нууц бол дотроо Амар тайвныг урьж оруулах юм. Зарим хүнд сонин сонсогдож болох ч Есүсийн өөр нэг нэр бол "Амар тайвны жонон" гэдэг. Есүс хаана байна тэнд амар тайван оршдог. Тиймдээ ч Есүсийн амар тайван оршихуйг сэтгэлдээ тээж яваа хүн гадна ямар ч хямрал, тахал, өр шир, үхэл хагацал, амьдралын ямар ч хүнд хэцүү үед жинхэнэ амар тайван байж амьдралаа эрүүл саруул нүд, оюун ухаанаар харж зөв шийдвэр гаргаж чаддаг. Есүс нэгэн удаа "Зовж шаналсан (стресс депресстэй) хүмүүс ээ Над руу ир. Би амар тайвныг өгье" гэж амласан байдаг. Миний мэдэхийн олон хүн Есүс дээр ирээд жинхэнэ амар тайвныг олсон байдаг. Депресстэй олон хүн одоо сэтгэлийн амар тайвныг олоод сайн сайхан эрүүл саруул амьдарч байна. Сэтгэлийн амар тайвныг хайж байвал Есүс дээр ирээрэй. Яаж гэж үү? Түүнд хандан энэ залбирлыг хэлээрэй: "Есүс ээ, миний сэтгэлд Та залран ирж жинхэнэ амар тайван гэж юу болохыг ойлгуулж ухааруулж өгөөч. Баярлалаа Танд" гэж хэлээрэй. Үнэндээ энэ ертөнцийн өгч чадахгүй жинхэнэ амар тайван зөвхөн Есүсээс ирдэг билээ. Үүнийг хэн ч үгүйсгэж чадахгүй олон олон хүний амьдралын гэрчлэл бий. 

4. Хөдөлмөрч байх. Ажил хөдөлмөр эрхэлж, ахуй амьдралаа өөд нь татах нь хүний ёсон. Хөлсөөн гаргаж, ур ухаанаа дайчилж, ариун цагаан хөдөлмөрөөрөө олсон орлого хүний амьдралд юм болдог. Хүн юу хийж амьдрах вэ гэдэг чухал асуултад эртхэн хариулж, тодорхой ур чадварыг эзэмшиж, насан турш түүгээрээ тууштай явах хэрэгтэй. Тууштай хөдөлмөрч хүн үргэлж сайжирч, хөгжиж, төгөлдөршиж байдаг. Тиймд хөдөлмөрч байгаарай. 

5. Мэргэн сонголт. Хүн ихэнхдээ хожуу ухаардаг. Тиймдээ ч харуусал байдаг биз. Алдахгүйгээр дандаа хождог хүн үгүй. Мэргэн сонголт хийдэг хүмүүст гурван онцлог байдаг юм шиг харагддаг. 1) Тэд бусдаас зөвлөгөө авдаг 2) Тэд таашгүй нөхцөл байдлын өмнө Бурханд залбирдаг 3) Тэд гэр бүлээрээ эсвэл багаараа ярилцаж байж эцсийн шийдвэр гаргадаг. Ийм нөхцөлд тэд алдах нь бага харин мэргэн байх нь их байдаг.

6. Уучилж өнгөрөөж сурах. 100 насалсан эмээгийн 3 эрдэнэ сургаалын нэг нь “Хурдан уучлах” гэдэг. Нөгөө хоёр нь их залбир, бага ид. Уучлал бол сэтгэлээ хорсол, үзэн ядалт, уур хилэнгээс өөрийгөө чөлөөлж нөхцөл байдлыг Бурханы гарт өгч шударга ёс, өс хонзонг Бурханд өгч буй сэтгэлийн шийдвэр юм. Үл уучлал удах бүр хүнийг өөрийг нь өвтгөдөг. Харин уучлалаар өөрийгөө чөлөөлснөөр Бурханд таны өмнөөс нөгөө хүнтэй хариуцлага тооцох боломжийг олгодог. Бурхан таныг гомдоосон хүнийг зүгээр өнгөрөөхгүй заавал танд шударга ёсыг харуулах болохоор өөрийгөө чөлөөлөөрэй. Тэгээд амьдралаа хөөж амар тайван зоригтой яваарай. 

7. Биеийн эрүүл мэнд. Эрүүл байвал бусад бүх юм болно. Энэ бие байхгүй бол бүх юм байхгүй. Энэ биеэ эрүүл саруул байлгаж, идэх ёстой эрүүл хоол, амраах ёстой амралт, булчин шөрмөс, яс, нүд, шүд, үс, арьс, гоо сайхан гээд бүх тал дээрээ хүн анхаарах ёстой. Энэ бол бие бол та биднийг энэ дэлхийд авч яваа өмсгөл юм. Тиймд өмсгөлөө цэвэр, эрүүл, сайхан байлгах үүрэгтэй шүү бид. Хэдий их тордоно төдий их хугацаанд та биднийг энэ дэлхий дээр амьдруулна. 

8. Тэвчээр хатуужил. Амьдралыг туулахдаа ихийг бүтээж, ардаа үеийн үед хэрэглэх өвийг үлдээсэн хүмүүсийн амьдрал амаргүй байсан байдаг. Хүчтэй амьдарсан тэдгээр хүмүүст тэсвэр хатуужил байсан тулдаа тэд зорилгодоо төвлөрч, өчнөөн доромжлол, шүүмжлэл, сүрдүүлэг, айдас дундуур туулан гарсан байдаг. Амархан амьдарсан нэг ч хүчтэй хүн байгаагүй гэдээг. 

9. Хайр. Энэ бол нялуун сэдэв биш. Төлөвшсөн, хариуцлагатай, ухаантай хүмүүст энэ хайр гэдэг мөн чанар байдаг. Энэ хайр бол буцааж нэхэхгүй, бусдад үүрд бэлэглэх өгөөмөр хайр юм. Энэ хайрынхаа улмаас залуус эх орныхоо төлөө амиа өргөдөг, эцэг эхчүүд үр хүүхдэдээ бүхнээ зориулдаг. Энэ хайрын улмаас агуу суут бүтээл, уран барилга, улс орны хөгжил цэцэглэл, сайн сайхан бүхэн цогцлоон бий болсон байдаг. Энэ хайрын тухай Библид, “Хайр бол тэвчээртэй, энэрэнгүй юм. Хайр атаархдаггүй, бардам зан гаргадаггүй, ихэрхдэггүй, зохисгүй авирладаггүй, өөрийнхийг эрдэггүй, уурладаггүй, муутай тооцоо хийдэггүй, зөвт бус байдалд баярладаггүй, харин үнэнд баярладаг, бүгдийг далдалдаг, бүгдэд итгэдэг, бүгдэд найддаг, бүгдийг тэсвэрлэдэг. Хайр хэзээ ч дуусдаггүй” гэжээ. 

 

Энэ 9 үнэт зүйл хүний амьдралыг утга учиртай болгож, эргэлзэн зогсох үед зөвийн хэмжүүр болж, бодлоо дэнсэлж зөвийг сонгоход чиглүүлэг болж байдаг. Хүн бүрт янз бүрийн үнэ цэнэ байдаг биз. Миний хувьд эдгээр 9 хамгийн эхэлж бодогддог. 

 

#BJM

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 




Хайх